2007-01-17
Дүү нарт (Түмэнбаярын БУМ-ЭРДЭНЭ |Чикаго хот, 2006 он|)

Яагаад энэ тухай бодоод байдгаа би ер сайн мэддэггүй, ямар ч байсан тархинд эргэлдээд салдаггүй юм. Орчлон дэлхий уудам уужим ч, бодь ертөнц болоод түүний амьдрал мөнх юм шиг авч энэ бүгдийн хажууд хүний амьдрал гэдэг өчүүхэн ажээ. Тэр тусмаа хүний идэвхтэй амьдрал тун богино, цаг хугацаа тунчиг хурдан нь гачлантай.
Хүн 60 насланаа гэвэл 720 сар буюу 21600 хоног, бүр цаашилбал 518400 цаг буюу 31 сая 104 мянган минут наслах нь ээ. Эндээс бодохоор хүний идэвхтэй амьдралын 15 сая минут л байна.
Энэ ямар аймаар вэ? Үүнээс бид хэдийг нь унтаж, хэдийг нь идэж ууж, хэдийг нь шал хэрэггүй өнгөрөөж байгаа бол. Хэдийгээр энэ тоо саяар яригдаж байгаа боловч энэ чинь минут шүү дээ гэж бодохоор нэгийг хэлээд байх шиг. Инээж хөхөрч, наргиж цэнгэж, уурлаж тунирхаж, заримдаа бүр таг гөлөрч суугаа минут бүрт амьдралын чинь хугацаанаас хасагдсаар байх болно. Тэгвэл одоо яах вэ? Цаг хугацааны хүрд нэгэнт эргэсэн л бол зогсдоггүй юмсанж. Энэ хүрдийг чи эхийн хэвлийд байхдаа эргүүлж эхэлжээ. Зогсохгүй хүрд гэдэг хорвоогийн ганцхан үнэн ажээ. Үүнийг зогсоодог, өөрөөр хэлбэл зогсоосон мэт болгодог нэг л арга байдаг байна. Энэ нь хүн болсон хувь заяандаа баярлаж, хүн шиг амьдрах л арга юм.
Хүн шиг амьдарна гэдэг нь гэр оронтой болж, авгай авч, хүүхэд гаргаж,тэднийгээ өсгөсөн төдийхнөөр зогсдоггүй юм шиг. Энэ бол зүгээр л амьтан төдий мэт. Яагаад гэвэл амьтан араатан хүртэл үүр оромжтой болж, эмэгчинтэйгээ үр зулзгаа өсгөж, яаж амьдрахыг нь зааж өгөөд гаргадаг байна. Тэгвэл миний хүн шиг гээд байгаагийн учрыг олохсон. Хүн амьтнаас хэлээрээ ялгардаг гэдэг. Гэтэл ярихын тулд сэтгэдэг боддог аж. Гэлээ ч гэсэн хүн хүнийхээ дунд л хүн байж чаддаг байна.
… Хүн хүнээс юм авах гэж эсвэл хүнд юм өгөх гэж төрдөг … гэж нэг шүлэгч шүлэглэжээ. Тэгвэл өгөх ч юм байхгүй, авах ч юмаа мэдэхгүй тийм хүн болцгоох вий гэж санаа зовох, нөгөө талаар хүн тухайн төрсөн үеийнхээ нийгэмд өөрийн гэсэн “дүр”-тэй төрхтэй амьдарч чадвал хүн шиг амьдарлаа даа би гэж өөрөө ч бодох, үеийнхэн чинь ч хүндлэх, үр удам чинь ч бахархах бөлгөө. Та юу хийж бүтээж чаднав, тэр чинь таны “дүр” болох юм. Өөрийн гэсэн дүртэй, сайн сайхан амьдрал гэдэг аав ээжийн үлдээсэн алт мөнгөнд биш, айхтар хүч, бяр, гоо сайханд биш, хүний санаж сэдэх сэтгэхүйнд байдаг байна.
Түрүүн яригдаад байсан цаг хугацааны хүрдийг зогсоосон мэт амьдрахын учиг энд цохиж явнаа гэж… Тэгвэл сана, сэтгэ, тэвч, хий, бүтээ…
Алслалт
Бага байхад “Алслалт” гэдэг хичээл заажээ. Тэгэхдээ энийг тоо, хэлний багш биш, түүх нийгмийн ухааны багш бүр ч биш, ердөө зургийн хичээлийн багш заасан байх юм. Энэ нь яадаг вэ гэхээр харгуй замыг ч юм уу, утасны шон мэтийг зурахдаа наанаа өргөн том байснаа цаашлах тусам нарийсан жижгэрсээр цэг болж зурагддаг тухай юм. Яагаад би энэ тухай санав?
Би эх орноосоо хэдэн мянган бээрийн хол суугаа Төв Монголын нэгэн хөвгүүн. Эх орон маань хичнээн өргөн уудам ч, ард түмэн минь хичнээн агуу ч гэлээ эх орноосоо холдох тусам, удах тусам сэтгэлд минь хэзээ ч ховхрохооргүй нэгэн цэг болон тогтсон бол эргэн очих, санан дурсахын цагт нөгөө цэг маань эргэн томорч, задран эгэлгүй сайхан болдог билээ. Эгээ л тэр багшийн заасан шиг сэтгэлд минь алслалт бий болсон мэт.
Ер нь эрхэм хүмүүний яс махны гол цэг, нандин бүхний учиг нь эх орон болдог байна. … Элэг зүрхнээс уяатай .. гэж дуулдагын учир энэ.
Яагаад гэвэл үеийн үед хүн өөрийн гэсэн эх оронтой байсан тулдаа түүнийхээ төлөө хэдэн үеэрээ босон, тэмцэж, ялж, ялагдаж, бодож, шаналж, алдаж онож явсаны ачаар хүн өдий зэрэгтэй болтлоо хөгжиж яваа.
Эх орны төлөө бол өөрийн болоод өрөөлийн амь юу ч биш байна аа. Надаас өмнө хэдэн зуун мянган жилийн тэртээд ийм байсан, надаас хойш хэдэн мянган жилдээ ийм л байх болно. Олон аавын хөвгүүд энэ эх орныг бишрэн хүндэлж, шимтэн харж зогсжээ. Өнөөдөр эхийн хэвлийд бий болсон үр ч гэсэн хөл ороод тэнцэхийн цагт ингэж л харж зогсох болно. Энэ олон үеийн, энэ олон хүмүүний бишрэл хүндлэлийн гол цэг болсон болохоор эх орон гэдэг ийм агуу нандин, эгэл жирийн хүндээ ч гэсэн шингэдэг байна.. Хүнд ямар ч бурхан шажин, хоол унд, нам төр, цаашлаад алтан амьнаас илүү эх орон, ерөөс хүмүүн болсоны утга учир, учирал хагацал, баяр цэнгэл, уй гуниг бүхний цаана эх орон байдаг байна. Хүн эцэг эхгүй байж болдог авч харин эх оронгүй байж хэрхэн болох. Эх орон хамгийн эрхэм байдгын учир энэ.
Санаашрал
Гучин долооныхоо жил дээр хүүхэд гаргавал сайн гэж хэнээс ч юм сонсчээ. Би сайхан хүү, охин хоёртой ч тэд маань овоо болцгоож, эхнэр бидэн дахин нэг хүүхэд хүсэн мөрөөдөхийн цагт яагаад ч юм дээрх үг шалтаг болсоор бас нэг хөөрхөн цагаан хүүтэй болсийм.
Би гэдэг хүн ажил амьдралын мөр хөөж, гэр бүл, үр хүүхдийн хамт бусдын адил хүний нутагт цагаачлан яваа нэгэн. Хүний нутагт, үгүй хүний нутагт ч гэж дээ, хүү маань энэ газар, энэ улсын иргэн болон төрлөө. Уг нь энэ улс дэлхийд тэргүүлэх гүрний нэг, амьдралын баталгаа нилээд өндөр хангадсан улс учир бид ч нэг талаас хүүдээ сэтгэл хангалуун яваа. Гэхдээ сэтгэлийн мухарт нэгэн хүнд юм дараад …
Эх орноо санан дурсахын зэрэгцээгээр хөх толбот хүүгийн маань биеэр монгол цус гүйж байгаа учраас би хүүдээ ХАНГАЙ гэж нэр өгсөн юм.
Хүү маань өдөр хоногоор өсөж, Гэрт хөөрхөн үнэр болоод, дуу чимээ авчирч, аав ээж, агаа эгээгээ дультраатуулж. Ах, эгчийнхээ бага насны мартагдах шахсан дурсамжийг сануулж, ер нь л сэтгэл хангалуун, цээж тэнүүн явнаа би. Эхнэрээ төрөхөд нь дэргэд нь байж, эх үрийн хоёр яс салах агшинг харсаны хувьд эрхгүй гэр бүл, үр хүүхдийн ариун холбоог дахин мэдэрч, тэдэндээ би хайртай байх хийгээд би өөрөө энэ гэр бүлийн хэн нь вэ гэдгээ ойлгож байна уу гэлтэй. За тэгээд цаашилбал хань ижилтэйгээ хослон амьдрахын утга, түүнийгээ хайрлахгүй байхын аргагүйг ухаарч явна. Ер нь энэ хүүхэд надад ихийг өгчээ. Хүүгээсээ ихийг авахын зэрэгцээ би өөрийн эцэг, эхийг урьд байгаагүй ихээр бодох болжээ.
Саяхан би эхнэрээсээ “Хэрвээ нутагтаа байсан бол энэ хүү маань ямар байх байсан бол” гэж асуусан юм. Тэгсэн “Ххэрвээ бид нутагтаа байсан бол энэ хүүхэд өөр хүүхэд төрөх байсан байх” гэсэн юм. Эндээс үүдээд бодоход
О.Дашбалбарын…
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла… гэсэн мөрийг эрхгүй санасан юм.
Нээрээ л би ч гэсэн хүн болохгүй байж болох л байж. Ингээд бодохоор эцэг эхдээ баярлахгүй байхын, тэднийгээ хайрлаж, хүндлэхгүй байхын арга алгаа.
…. Их хүний хэргийг
Иргэн хүн шүүдэггүй юм… гэж Чойном шүлэглэсэн байдаг. Эцэг, эх гэдэг үр бидэндээ их хүмүүс билээ. Эцэг эх маань ямар ч хүмүүс байлаа гэсэн үр бид гомдоод гонгиноод, шүүгээд яллаад байх хэрэг алгаа. Харин ч бид тэднийгээ сэтгэл зүрхэндээ эх орон мэт хайрлаж хүндэлж бүр тахин шүтсэн ч болох байна.
…Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь … гэж дуулдаг.
Би ч яахав, энэ дууг дуулаад өсөж, харин америкт төрсөн хүү минь!!!
Энэ хавьцаа л миний дурдаад өнгөрсөн сэтгэлийн дарамт оршоод байгаа юм. Би ер нь хүүгээ эх орноосоо төөрүүлчихсэн юм биш байгаа
Бичсэн: hikari | цаг: 22:23 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


яахав дээ Хүний нутагт төрсөн байж болно Хүний хүн шиг л болчихгүй бол Гэхдээ таны гэр бүл хүүгээ жинхэнэ ханагар залуу болгон өсгөнө гэдэгт итгэж байна,харагдаж мэдрэгдэж байна.
Бичсэн: diligence-go цаг: 16:19, 2010-07-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax